Хүүхдийнхээ өөртөө итгэлийг нэмэгдүүлэх: Эцэг эхчүүдэд зориулсан 5 практик арга
- Degi Damba

- Nov 26
- 3 min read

Өнөөгийн хурдацтай хөгжиж буй ертөнцөд хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл, тэсвэр тэвчээр, сэтгэлийн хөдөлгөөний эрүүл мэндийг хөгжүүлэх нь урьд өмнөхөөс илүү чухал болж байна. Эцэг эхчүүдийн хувьд бид хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг бий болгоход гол үүрэг гүйцэтгэдэг. Хүүхдийн өөртөө итгэх итгэл сул байх нь сэтгэл гутрал, сурлагын муу үр дүн, нийгмийн харилцааны хомсдол зэрэг бэрхшээлд хүргэж болзошгүй бол өөртөө итгэх итгэл өндөр байх нь хүүхдийн насан туршийн амьдралд эерэгээр нөлөөлдөг.
Та бүхэнд хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх 5 ашиглаж болохуйц энгийн аргуудыг танилцуулах болно. Эдгээр алхмуудыг олон улсын хүүхдийн хөгжлийн мэргэжлийн сэтгэл судлаачдын зөвлөгөөнөөс сэдэвлэн танилцуулж байна.
1. Хүүхдийн талаарх яриаг эерэгжүүлэх
Хүүхдүүд ихэвчлэн насанд хүрсэн хүмүүс өөрийнх нь талаар юу гэж ярьж буй хэв маягийг дуурайдаг. Хүүхдийн өөртөө итгэлийг нэмэгдүүлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй аргуудын нэг бол өөртэйгөө ярилцах ярилцлагыг нь эерэг байлгах явдал юм. Хүүхдийнхээ талаар ярихдаа эерэгээр ярих, хүүхэдтэйгээ өөрийнх нь талаар ярихдаа эерэг зан чанар, үйлдэл дээр нь тулгуурлан ярих нь өөртөө итгэх итгэлийн суурийг бүрдүүлдэг.
Хэрхэн хэрэгжүүлэх вэ:
Өглөө бүрийг эхлүүлэхдээ "Сайхан өдөр болох нь" "Хийх зүйлээ хичээнгүйлэн хийнэ" зэргээр эерэг ярилцлагуудыг гэртээ ярьж хэвших
Авьяасаас илүү гаргасан хичээл зүтгэлийг нь сайшаах, жишээ нь: "Чи энэ зургийг зурахдаа үнэхээр их хичээсэн байна!"
Өсвөр насны хүүхдэд өөрийн давуу талуудыг тодорхойлоход зориулсан өдрийн тэмдэглэлийн дэвтэр хөтлүүлэх
2. Насанд нь тохирсон хариуцлага өгч бие даахад чиглүүлэх
Хүүхдийн нас, хүйс, ачаалал даах чадварт тохирох даалгавар өгөх нь амжилтын мэдрэмж, бие даасан байдлыг бий болгодог. Хүүхэд өөрийн чадлаараа хувь нэмрээ оруулж чадаж байна гэдгээ мэдрэхэд хүүхдийн өөртөө итгэх итгэл өсдөг.
(Гэхдээ үүнд хүүхдээр насанд хүрсэн хүмүүсийн шийдэх шаардлагатай асуудлыг шийдвэрлэх үүрэг даалгаж болохгүйг анхаарна уу. Ж нь: гэрийн санхүүгийн асуудлыг шийдүүлэх, эцэг эхийн дундах хосын харилцааны асуудлыг хариуцуулах)
Хэрхэн хэрэгжүүлэх вэ:
Ширээгээ цэвэрлэх, ороо хураах, сургуулийн цүнхээ бэлдэх зэрэг хялбар даалгавруудыг багаас нь өгч нас нэмэх хэрээг хариуцлагыг нь нэмэгдүүлэх
Хийх зүйлсээ бие даан дуусгасныг баталгаажуулах мөнгөн бус шагнал өгөх. жишээ нь, тэврэлт, нэмэлт тоглоомын цаг гэх мэт
Нас нэмэх тусам бодож шийдвэр гаргах даалгавруудыг өгөх
3. Нөхцөл тавихгүй хайрлаж, идэвхтэй сонсоход цаг гаргах
Өөртөө итгэх итгэл нь хүлээн зөвшөөрөгдсөн орчинд цэцэглэдэг. Хүүхдээ амжилтай байгаа эсэхээс үл хамааран үргэлж хайрлаж хажууд нь байна гэдгийг хүүхдийнхээ хэлэх гэсэн зүйлийг нь сонсож, цаг гаргахаас л харагддаг.
Хэрхэн хэрэгжүүлэх вэ:
Технологгүй цаг гаргаж, хүүхдүүдийнхээ өдрийг хэрхэн өнгөрөөсөн талаарх яриаг сонсох. "Би чамайг ойлгож байна" гэсэн мэдрэмж, үгнээс хүүхдүүд өөрийнх нь амьдрал үнэ цэнтэй гэдгийг мэдэрдэг.
Ах дүү эсвэл найзуудын хүүхдүүдтэй харьцуулахаас зайлсхий. Хүүхэд бүрийн ертөнц өөр, хүн бүрт өөр өөр ур чадвар байдгийг үргэлж санах.
Хүүхэдтэйгээ зөрчилдсөн үед "Чиний гаргасан буруу бол ....." гэж ярихаас илүүтэй "Миний санаа зовж байгаа зүйл бол..." гэдэг "Би, Надад" өгүүлбэрийг ашиглаж, хүүхдээ буруутгахаас зайлсхийх.
4. Нийгмийн идэвхтэй харилцаа, нөхөрлөлийг дэмжих
Нийгмийн эерэг харилцаанууд нь хүүхдийн өөрийн үнэ цэнийг бэхжүүлдэг. Гадаа тоглох найзууд, спортын дугуйлан, авъяасаа хөгжүүлэх баг хамт олон, хичээл давтлагын найзууд зэргээр найз нөхдийн харилцаанууд хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.
Хэрхэн хэрэгжүүлэх вэ:
Бусдыг ойлгох чадвар, харилцааны зөрчлийг шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхийн тулд баг хамт олонтой байхыг нь дэмжих
Дэлгэцийн цагийг хязгаарлаж, нүүр нүүрээ харсан харилцааг дэмжих
Өөрт тааламжгүй зүйлс дээр хил хязгаар тогтоон "үгүй" гэж хэлэхэд чиглүүлэх
5. Алдаа гаргах нь амьдралын нэг хэсэг гэдгийг ярилцах
Өөртөө итгэх итгэлийн үндсэн хүч чадал нь бүтэлгүйтлийг хэрхэн хүлээж авахаас эхэлдэг. Хэрвээ та бүтэлгүйтлийг байж болохгүй зүйл мэт хүүхэддээ хандвал таны хүүхэд өөрийгөө буруутгах дотоод үзэл бодолтой өсөх эрсдэлтэй.
Хэрхэн хэрэгжүүлэх вэ:
Өөрийн алдааг хэрхэн даван туулсан түүхээ хуваалцаж, алдаа гаргах нь байдаг зүйл гэдэг ойлголтыг өгөх
Алдааны дараа "Үүнээс юу сурсан бэ?" ярилцлагыг өрнүүлэх
Бодит зорилго тавьж, түүнийг хүрч болох жижиг алхмуудад хуваах талаар зааж сургах. Жижиг алхмуудаа хийж дуусгах нь чухал бөгөөд алдаа гаргаад зогсож болохгүй талаар ярилцах.
Эдгээр 5 алхмыг хэрэгжүүлснээр та хүүхдийнхээ өөртөө итгэлийг нэмэгдүүлээд зогсохгүй гэр бүлийн бат бөх холбоог бэхжүүлнэ. Хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийж, итгэл дүүрэн, аз жаргалтай хүүхдүүдийг хөгжүүлэхэд эдгээр аргууд тусална.
Сарын эхний 7 хоногийн 50% хямдралтай эхэлсэн тул Family Багцыг сонгон үзээрэй.
_edited.jpg)


Comments